• info@demos.mn
  • (976) 7700-1206

ЗОН ОЛНЫ НАМ НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР ШИЙДВЭРЛЭВ

2018-08-05   772

 

ЗОН ОЛНЫ НАМЫН ЭЭЛЖИТ БАГА ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

 

2018 оны 07-р сарын 05-ны өдрийн ЗОН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр товлогдсон ЗОН-ын ээлжит Бага хурал 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо хуралдлаа. Бага хурал 67 хувийн ирцтэйгээр 17:00 цагаас эхэлж, 20:00 цагт өндөрлөсөн байна. Хурлыг ЗОН-ын дарга Г.Эрдэнэтөгс нээж, ЗОН-ын ЕНБД Э.Одбаяр удирдлаа. Тус хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Зон Олны нам УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох талаар хэлэлцэн шийдвэр гаргажээ. Мөн намын дотоод зохион байгуулалт болон үндсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, ЗОН-ын зарим удирдах албан тушаалтанг Бага хурлаас сонгосон байна.

 

 

ЗОН ОЛНЫ НАМ УИХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХЫГ БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ДЭМЖЛЭЭ

 

УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох асуудлаар ЗОН-ын төлөөллийн төв байгууллага болох Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ. Зон Олны нам сонгуульд оролцох шийдвэрийг холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд 2018 оны 08-р сарын 07-ны хүргүүлэхийг ЗОН-ын Удирдах зөвлөлд үүрэг болголоо. ЗОН-аас нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд ирэх Бага хурлаар сонгох юм.

 

БАГА ХУРАЛ БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ӨРГӨТГӨЛӨӨ

 

ЗОН-ын дүрэмд Бага хурлын бүрэлдэхүүний тухай “Намын Бага хурал 33-261 гишүүнтэй байна.” гэж заасан байдаг. Тус хурлаар ЗОН-ын Бага хурлын 42 гишүүн дээр нэмж 4 Бага хурлын гишүүн нэрээ дэвшүүлснийг олонхийн саналаар дэмжиж, сонгосон байна. Бага хурлын гишүүнээр Г.Отгонцэцэг 89.6%, Б.Амарбаясгалан 93.6%, Б.Амгаланбаатар 96.5%, Ж.Хулан 86.2% саналаар тус тус сонгогдлоо.

 

 

Б.ЛХАМХҮҮ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ

 

ЗОН-ын дүрэмд “УЗ нь Бага хурлын гишүүд, намын удирдлага УИХ-ын гишүүдээс бүрдсэн 9-13 гишүүнтэй байна. УЗ-ийн бүрэлдэхүүнийг намын Бага хурлаас сонгоно.” гэж заасан байдаг. ЗОН-ын Удирдах зөвлөл 12 гишүүнтэй бөгөөд 13 дах гишүүнийг Бага хурлаас сонголоо. ЗОН-ын Удирдах зөвлөлийн гишүүнд 4 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөнөөс Г.Ууганбаяр 28.5%, Б.Лхамхүү 40%, С.Даваадорж 2.8%, Г.Отгонжаргал 28.5% санал тус тус авснаар Б.Лхамхүү ЗОН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

 

 

ЗОН-ЫН ДЭРГЭДЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА МЭДЛЭГ ОНОЛЫН НЭГЖ /МОН/-ИЙН ДАРГААР М.ЧИМЭДТОГТОХ СОНГОГДОВ

 

Намын дэргэд улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны чиглэлээр эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Эрдэм шинжилгээний зөвлөх байгууллага болох МОН-ийн даргыг ЗОН-ын Бага хурлаас сонгохоор дүрэмд заасан байдаг. МОН-ийн анхны даргаар ЗОН-ын ЕНБД Э.Одбаяр ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. Тус хурлаар МОН-ийн даргад 2 хүн нэрээ дэвшүүлж, М.Чимэдтогтох 71.4%, Б.Амарбаясгалан 22.8% санал тус тус авснаар М.Чимэгтогтох МОН-ийн даргаар сонгогдлоо.

 

УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд ЗОН-аас нэр дэвшигчийг ирэх Бага хурлаар сонгохоор хурлын тов зарлалаа.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү