• info@demos.mn
  • (976) 7700-1206

ЗОН-ын ЕНБД Э.Одбаяр: 2020 оны сонгуулиар ямар ч шийдэлгүй чанга орилсон популистууд гарч ирнэ эсвэл...

2020-01-06   707

Зон олны намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяртай ярилцлаа.

Сонгуулийн тухай хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Холимог тогтолцоо шиг харагддаг 50+26 хувилбарыг дэвшүүлж байсан. Буцаад томсогосон 26 тойрог руугаа орчихлоо. Эрх баригч намын хувьд энэ зовлонгоо өөрсдөө туулаад гарчихсан байхгүй юу. Яасан гэхээр нэг намын нөхдүүд хүртэл өөрсдийнхөө тойрогт хоорондоо зодолдож, нэгнийхээ араас “хутгалах” үйл ажиллагааг хийж байсан. Энэ нь намын дотоод задралыг улам дэвэргэнэ.

Хоёрдугаарт, Шинэ улс төрийн хүчинд маш том саад болж байгаа юм. Жишээ нь, нэг тойрогт нэр дэвшихэд 100 сая төгрөгийн төсөв зарцуулах байлаа гэхэд дөрвөн мандаттай дүүрэг одоогийн сонгосон сонгуулийн системээр 3-4 тойргийг нэгтсэн буюу нийт дүүргийн хэмжээнд өрсөлдөх болж байгаа юм. Ингэхээр 3-4 тойргийг нэг том тойрог гэж бодохоор нийт 400 сая төгрөг зарцуулна гэсэн үг. Өмнө нь 10 мянган хүнд материал тараадаг байсан бол 40 мянган хүнд тараах болно. Зардал маш их өснө гэсэн үг. Ялангуяа шинэ, залуу улс төрчид санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж байгаа юм. Дээрээс нь хугацааны асуудал байна. Том намуудын хувьд дэд бүтэц, санхүүгийн чадамжаараа дамжуулан бусдад танигдах, үйл ажиллагаагаа таниулах, дэмжлэг авах гэх мэт зүйлс хангалттай хийгдчихсэн байдаг. Шинэ, залуу улс төрчдөд энэ асуудал хязгаарлагдмал байна. Өмнө нь 18 хоногийн турш сонгуулийн сурталчилгааг явуулдаг байсан бол одоо 22 хоног болж өөрчлөгдөж байгаа.

Шинэ улс төрчид, намууд сонгуульд өрсөлдөх боломж маш бага гэсэн үг үү?

Маш халтай. Ийм сонгуулийн хувилбараар нэг бол маш хүчтэй попролт хийж, чанга орилж, ямар ч шийдэлгүй худал үнэн юм ярьсан нь гарч ирнэ. Эсвэл нэгэнт олонд танигдсан, байр сууриа бэхжүүлсэн улс төрийн намуудад ашигтай байна. Түүнээс ийм богино хугацаанд бодит шийдэл, тоо баримт ярьж байгаа хүнийг хүмүүс сонсохгүй. Түүнд ач холбогдол өгч, итгэхгүй. Өмнөх сонгуулийн хууль тогтоомжтой харьцуулахад ямар өөрчлөлтүүд орсон бэ гэхээр хугацааг дөрвөн хоногоор нэмэгдүүлсэн. Мандатыг гар дээр хүлээж авсан өдрөөс эхлээд сонгуулийн сурталчилгааг явуулах боломж бүрдсэн. Хяналт, шалгалтын талаасаа сайжруулах ажлууд хийх гэж оролдсон байна лээ. Энэ чиглэлээр судлаачид өөрсдийнхөө саналыг тусгаж ажилласан байгаа. Сонгуулийн тухай хуулийн хүрээнд байж болох сайшаалтай зүйлүүдийг тусгах гэж хичээсэн. Мөн сонгуулийн маргааныг шийдвэрлэх хугацааг хуулинд тусгаж өгсөн байна лээ.

 Сонгуулийн өмнөхөн Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталдаг шүү дээ. Тухайн эрх баригч намдаа ашигтай байдаг уу?

Эрх баригч болон эрх барьж байсан намуудад ашигтай гэж хэлж болно.

"Сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэхгүй бол зөв үйл ажиллагааг мянга яриад нэмэргүй"

 Сонгогчдын сонгуулийн тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

Улс төрийн намын үндсэн үүргийн нэг бол ард иргэдэд улс төрийн боловсролыг олгох, сурталчлах, таниулах юм. Энэ чиглэл рүү үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Нэг ёсондоо сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэхгүй бол зөв үйл ажиллагааг мянга яриад ойгохгүй байхгүй юу. Нөгөө л гурил будаанд хууртана. Гоё популист амлалт, чанга орилдог нөхдүүдэд итгэнэ. Шийдэл, тоо баримттай зүйл ярьж байгаа хүмүүсд итгэдэггүй. Энэ нь эрх баригч намуудад ашигтай байдаг. Дөрвөн жилийн тойрогт толгойг нь эргүүлсээр байдаг. Үүний хор уршиг нь дунд болон урт хугацаандаа яаж илрэх вэ гэхээр нийгмийн эмх замбараагүй байдлыг л бий болгодог. Яагаад гэвэл дандаа үндэслэлгүй зүйлийг амладаг учир нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй болдог. Нөгөө талаас шинэ улс төрийн намууд болон улс төрчдийн явах замд маш их саадыг бий болгож, “хог” тарьж байна. Биднийг юм ярьж, шийдэл санал болговол цагаан цамц өмссөн учраа мэдэхгүй хүүхдүүд юм ярьж байна гэж хэлнэ. Гэтэл бид ямар чиглэл рүү үйл ажиллагаа явуулахыг хичээдэг вэ гэхээр иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэл рүү мэдээлэл хүргэхийг зорьдог. Ингэхдээ юуг ч амлахгүй учраас биднийг сонсох хөрс суурь байхгүй байна. Иймд намууд бэхжиж, иргэд нь соён гэгээрч байж улс төрийн амьдрал сайжирна. Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид иргэдийнхээ улс төрийн боловсрол руу анхаарч ажиллах нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй.

Эх сурвалж Мэдээ.мн https://medee.mn/single/143525

Сэтгэгдэл

  1. Зочин

    Энэ сонгуулиар холион бантан болнооо. Шизотой Иргэд чинь Нэгдээд Эвсэл байгуулсан байналэ. Тийм хүмүүс улс удирдвал хаашаа харж үхэх цөмөөрөө

  2. Зочин

    Харанхуй массаа гэгээрүүлэхгүй бол гоё амлалтандаа хууртсан хэвээрээ л байна шүү дээ

  3. Зочин

    Мөнгөтэй нөхдүүдийн л зодоон болно л доо ойлгомжтой.

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү